Sunday, December 19, 2010

“Ноёдоо малгайгаа авцгаа! Та бүхний өмнө суу билэг зогсож байна.” Р.Шуман

                                                  Фредрих Шопен
Фредрих Шопен 1810оны 3-р сарын 1нд Варшавын ойролцоох Желязова Волч хэмээх эдлэн газар төржээ.  Шопен Моцартын адил багаасаа ер бусын авъяастайгаар хавь  ойрдоо гайхагдах болов. Тэр төгөлдөр хуур хөгжмөөр зургаан настайгаасаа эхлэн хичээллэж багш Войцех нь 6 жилийн дөрөө гэхэд түүнд заах юмгүй болчихсон билээ. Шопен долоотойдоо полонез бичиж хөгжмийн зохиолчийнхоо анхын алхмыг хийсэн юм.

                                                    Варшав
1818 онд Шопен анх удаа нийтийн өмнө концерт тоглож 8 насандаа суут хөгжимчин болох алхамаа хийжээ. Эрүүл мэндийн бадлаас 13 хүртлээ лицейд суугаагүй боловч гэрээр хичээл суралцаж 4-р ангид  шууд орсон бөгөөд энд олон талын авъяас нь тодорч шүлэг, жижиг үзэгдэл хүртэл бичиж, зураг зурж байв. Шопен 1826-29 онд хөгжмийн дээд сургуульд суралцан төгсөхөд магтах дургүй, чанд зарчимтай багш Эльснер “ Энэ хүн цааш ер бусын замаар явна. Гэвч авъяас билэг нь  тийм ер бусын юм хойно одоо яая гэхэв” гэж түүнийг үнэлсэн байлаа.  Үүний дараах үе түүний үзэл санаа, урлах арга бүрлдэхэд онцгой ав холбогдолтой болж Шопений үндэсний шинж төрх хурц тодорсон байдаг. Тэр сэтгэмж, краковьяк, мазурк бүжгүүд бичсэн бөгөөд хамгийн сонин тод бүтээл нь төгөлдөр хуур, найрал  хөгжим зориулсан 2 концерт билээ. Энэ 2 зохиолоор түүний билэг авъяас төгс  тодорчээ. Юуны өмнө Шопен уран яруу, тансаг сайхан хөгжим зохиодог зам нь тодорхой болов. Шопен 1826 онд  олон орны хөгжмийн соёлтой танилцахаар нутгаас гарч Вена, Прага, Дразденд тоглосон концертууд нь их амжилт олсон ба 1830 онд Варшавт эргэн ирж аян замын тайлан болгож шинэ зохиолуудаа хөгжимдөв. Амжилт ер бусын байлаа. Мөн одоо Шопен Венад суурьшихаар хил даввж хэдхэн хоноод байхад  11 сарын сүүлээр болого гарсан бөгөөд нутаг буцаж босогчдын эгнээд оръё гэтэл нэгэнт хожимдсон байв.
Түүний төгөлдөр хуур

Венийн хөгжимчид түүнийг хяхан хавчих байдлаар хүлээн авлаа. Тэд нутагт нь ямар лут өрсөлдөгч ирснийг ойлгож байв. Ийнхүү Шопен Венийг орхиж, Парис, Лондонд чадлаа үзэхээр явжээ. Гэтэл замд явахдаа Варшавын бослого аймшигтайгаар дарагдсаныг сонсож эх орончийн ёсоор эмэгнэн харамсжээ. Энэ үеэс түүний зохиолд идэр залуугийн уянга цөөрч бааталаг эх оронч сэдэв зонхилох болжээ.
1831 оны намар Парист очиж насны эцэс хүртэл суурьшив. Бослогын дараах хямралын үе түүний эх орондоо буцах замыг хаасан байлаа. Парисын үед Шопений бүтээлч үйл ажиллагаа хурнаж өрнөж туурвих зохиох урлагийнхаа дээд цэгт хүрсэн билээ.   Шопен парист анхны концертоо 1830 оны 2 сард нийтэд сонсголоо. Хэвлэлд түүнийг магтан бичиж нэрт хөгжимчин Лист бахархалын үгээ хэлж байв. Нэрт яруу найрагч  Х.Хайне түүний тухайд “байгаль дэлхий түүнд ялдам гоолиг боловч ялгүй эмзэг бие, ариун сайхан сэтгэл, суу билэг хайрлажээ” хэмээн бичсэн байна. 1838-45онуудад Шопен гүн утга учир ач холбогдолтой төгөлдөр хуурын дуулиуд, 2 сонат, уран сэтгэмж, хамгаас нэрд гарсан ля мажор, фа диез минорын полонезууд, мазурк, бүжгүүдээ зохиосон байна.

Уран бүтээл нь өөдрөг, амьдрал нь дорвилог байсан боловч 1842 онд дотны анд Ян Матушкий, 1844 онд хамгаас хайртай эцэг нь нас барж, сэтгэл зүрхээ өгсөөр ирсэн хайрт Ж.Санд нь түүнийг эргэлтгүйгээр орхисон явдал нь Шопений сэтгэлийг хямруулж эх орноосоо алс газар ганцаардан өнчрөхийн зовлонд учирав. Хөгжмийн зохиолчийн   сүүлийн жилүүдэд эд материалын дутагдал гачаалд орж, идэвхгүй, итгэл алдарсан, хамгийн уйтгартай үе байв.
                           Түүний аав

                         Хайртай бүсгүй Ж.Санд

Амьдрах мөнгө олох гэж англид очин ямбатан, хэргэмтний ордон шилтгээнд зугаа цэнгэхийн тулд хөгжимдөж шотланд болон глазго, манчестор хотуудад  тоглож хамаг хүч тамираа алдаад лондонд буцаж ирэв. Энэ нутаг нэгтнүүддээ сүүлийн удаа концертооо тогложээ. Парис эргэж ирэхэд аз болж баясал авчирч эгч Людовинза нь энд уулзаж түүнийг амьсгал хураатал нь халамжилсан байна. Шопен эгчдээ: “Миний шарилыг Варшавт аваачихыг хэрхэвч зөвшөөрөхгүйг би мэдэж байна. Ийм болохоор үгүй ядаж зүрхийг минь эх нутагт минь аваачаарай” гэж эцсийн мөчдөө гэрээсэлжээ. Ийнхүү 1849оны 10-р сарын 17ны шөнө хорвоогоос халин оджээ. Түүний оршуулах ёслолд парисын урлагийн нэрт хүмүүс оролцож Моцартын “Эмгэнэлийн дуун” Шопены гашуудлын марш, органы прелюди эгшиглэв. Шопены зүрхийг Варшавт авчирч Крест хутагтын сүмд хадгалсан билээ. Германы фашистууд Польшийг эзэлх үеэр польшийн эх орончид суут хүний зүрхтэй ариун бумбыг нуун эрдэнэ мэт нандигнан хадагалж байгаад чөлөөлөгдсөний дараа эх орондоо эргүүлэн авчирсан билээ.
                                      Эгч Людовинза


                                          Сүүлчийн гэрээслэл   

Шопены полонез, мазурк, ноктюрн, дууль, сонат зэрэг зохиолтой хөгжим сонирхогч хүн бүр хүүхэд ахуйдаа танил болж дэлхийн бүх төгөлдөр хуурчдын урын санд орж ур чадлаа таниулж шалгуулсан байдаг. Шопен симфони дуурийн алийг нь ч бичээгүй. Гэвч түүний төгөлдөр хуурын зохиолууд хязгааргүй ундармал тансаг аялгуу, сувд мэт эгшгийн хэлхээ, намуухан дуурьсаа, сэтгэлийн гүнээс хөрөх энхрий ялдам уянгаар бялхам билээ.
Түүний зохиолууд эрх чөлөөгөөр бахархах сэтгэлээр ундалсан уянгын өвөрмөц туурвил байв. Ийм ч болохоор Шопены зохиолыг Шуман “Цэцгээр далдалсан их буунууд”  гэж нэрлэсэн буйзаа.

Түүний бүтээлүүд нь:
200 гаруй зохиолтой. Үүнээс төгөлдөр хуурын 2концерт /1829-30/ төгөлдөр хуурын гурвал, морин хийлийн сонат, концертийн их хоршил, төгөлдөр хуурын 3сонат /1828, 39, 44/, уран сэтгэмж, 4 дууль, цоглог 4 аяз, 4 экспромт, 16 полонез, 60 орчим мазурк, 17 вальс, 21 ноктюрн,  27 судалбар аяз, 20 прелюди хэд хэдэн мөчлөгт хувилбар аяз зэрэг дан хөгжмийн зохиол дуунууд зэрэг бүтээлүүд юм.


Д.Батсүрэн “ Хөгжмийн суутан” номноос авав.
Түүний гайхамшигт бүтээлүүдээс:
                                          Бороон дусал

                                              Этюд№10-3
                           Ностюрн С минор
                                  Вальс №64
                              Баллад №1-23

3 comments:

  1. Алдарт Шопеныг зүрх сэтгэлээсээ хайрлаж хүндэлж бахархаж явдаг та бүхэнд зориуллаа.

    ReplyDelete
  2. Үнэхээр бишрэм байлаа. Нөхөр маань гаднаас ирэхдээ дэлхийн суут бүтээлүүдийн цомог авчирч би гэдэг хүн нэг хэсэг их сонсдог байлаа. Тэгэхэд анх энэ агуу хүний бүтээлүүдийг сонсоод нэг л гоё тайван бас уяангалаг байсан. Гайхамшиг бүхэн урлагаас эхтэй юм даа.
    Цэцгээ

    ReplyDelete
  3. Миний хамгийн хайртай хөгжимчин. Та сонгодог урлагт их дуртай юм байна. Таны бодлууд надад их таалагдаж байнаа. Тиймшүү хүний амьдралыг урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Миний бодлоор анхдагч хэрэгцээ хангагдсний дараа хоёрдогч хэрэгцээ буюу урлагийн мэдрэмж, сэтгэл хөдлөл хүний амьдралын хэрэгцээнд зайлшгүй шаардлагтай гэж бодож байна. Таньд баярлалаа урлагийг хайрлаж хүндэтгэж түүнээс таашаал авч чаддагт...

    ReplyDelete